07/04/2026
📌ОХУ-ын Санкт-Петербург хотноо 2026 оны 4-р үсарын 1-3-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “Олон улсын тээвэр, логистикийн форум-2026” арга хэмжээнд Зам, тээврийн дэд сайд, Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төмөр замын газар , УБТЗ ХНН-ийн төлөөлөгчид оролцлоо.
📌Форумын үеэр Зам, тээврийн дэд сайд Г.Ганболд, ОХУ-ын Тээврийн дэд сайд Д.С.Зверев нарын уулзалтад оролцож, Монгол, Оросын тээврийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, төмөр замын салбарт олон улсын харилцааны ачаа тээврийн цахим мэдээлэл солилцоо, ложистикийн үр ашгийг дээшлүүлэх, шинэ төслүүдийг урагшлуулах талаар тодорхой тохиролцоонд хүрлээ. ОХУ-ын Санкт-Петербург хотноо зохион байгуулагдаж буй "Олон улсын тээвэр, логистикийн анхдугаар форум"-ын хүрээнд Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төмөр замын газар, ОХУ-ын Холбооны төмөр замын тээврийн агентлаг (Росжелдор)-тай Хамтын ажиллагааны тухай харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа.
Санамж бичигт цаашид байнгын хамтын ажиллагаагаар дамжуулж хоёр улсын төмөр замаар тээвэрлэх ачаа тээврийн хэмжээг нэмэгдүүлэх, дэд бүтцийг хөгжүүлэх, тэдгээрийн эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх, хил дамнасан болон транзит тээврийг хөнгөвчлөх, “Орос–Монгол–Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх, төмөр замын тээврийн аюулгүй байдлыг дээшлүүлэх чиглэлээр мэдээлэл, туршлага солилцож, хамтран ажиллахаар тохиролцлоо.
📌Форумд дэлхийн 60 гаруй улсын төлөөлөгчид оролцож, “Евразийн тээврийн коридорууд: интеграц ба тасралтгүй логистик” сэдвийн хүрээнд тээврийн салбарын тулгамдсан асуудал, ирээдүйн чиг хандлагыг хэлэлцэв. Форумд оролцогсод дижиталчлал, автоматжуулалт, ухаалаг тээврийн шийдлүүдийг хөгжүүлэх асуудалд онцгой анхаарч байлаа.
📌Форумын хүрээнд зохион байгуулагдсан үзэсгэлэнд орчин үеийн дэвшилтэт технологи, инновацийн шийдлүүдийг танилцуулсан нь УБТЗ-д тээврийн салбарын шинэ чиг хандлагыг судлах, нэвтрүүлэх боломжийг бүрдүүлж байна.
📌Форумын үеэр “УБТЗ” ХНН-ийн дарга Х.Хэрлэн “Оросын төмөр замууд” НХН-ийн Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч дарга бөгөөд “УБТЗ” ХНН-ийн Ерөнхий хорооны дарга С.А. Павловтой уулзаж, тус нийгэмлэгийг 2030 он хүртэл хөгжүүлэх техникийн шинэчлэлийн хөтөлбөр, түүний хэрэгжилт, зүтгүүр, вагон паркийн шинэчлэл, дэлхий нийтийг хамарсан түлшний үнийн өсөлт, тулгамдаж байгаа асуудлууд, 2026 оны тээврийн төлөвлөгөө, замын их засвар зэрэг асуудлуудын талаар санал солилцож, зохих арга хэмжээнүүдийг авч ажиллахаар боллоо.
📌Мөн Орос, Хятадын талтай Монгол, Орос, Хятадын эдийн засгийн коридорын төмөр замын төв шугамыг хөгжүүлэх, хил дамнасан тээврийн урсгалыг нэмэгдүүлэх, дэд бүтцийн уялдаа холбоог сайжруулах асуудлаар уулзалт хийж энэ хүрээнд талуудын техник эдийн засгийн үндэслэлийг нэгтгэх ажлыг эрчимжүүлэхээр талууд санал нэгдэв.
📌Үүнээс гадна “УБТЗ” ХНН-ийн төлөөлөл Төмөр замын хамтын ажиллагааны байгууллагын “ЕАТС-1” маршрутын удирдлагын хорооны өргөтгөсөн хуралдаанд оролцож, олон улсын тээврийн коридорын уялдаа холбоог сайжруулах, төмөр замын тээврийн үр ашгийг нэмэгдүүлэх чиглэлээр санал, байр сууриа илэрхийллээ.
📌“УБТЗ” ХНН нь тус форумд оролцсоноор олон улсын хамтын ажиллагааг идэвхтэй өргөжүүлэх, Евразийн тээврийн сүлжээнд Монгол Улсын оролцоог нэмэгдүүлэх, дамжин өнгөрөх тээврийн чадавхыг бэхжүүлэх чиглэлээр хийгдэж байгаа бодитой алхмуудын нэг болж байна.